2005 оноос эхлэн Хүчтэй – Хамтдаа нийгмээрээ, нийтээрээ хөгжье, хөрөнгөжие гэх санаачилгыг гаргаж, ХасБанкны ажиллагсдын санг үүсгэснээр Хөрөнгө Оруулагч Үндэстэн хөдөлгөөний суурь тавигдаж байсан бол үйл ажиллагаа өргөжин тэлсээр 2013 онд компанийн гол хувьцаа эзэмшигчид шинэ стратегийн зорилгоо тодорхойлж, Ард Санхүүгийн Нэгдэл хэмээх нэрэн дор үйл ажиллагаагаа явуулах түүхэн шийдвэрийг гаргасан юм.

Тэр цагаас хойш Ард нэрийн дор 110 мянга гаруй хувьцаа эзэмшигч, 1.3 сая гаруй харилцагчидтай халуун бүл болж, Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоож чадсанаас санхүү, даатгал, хөрөнгийн зах зээл, технологи, дэд бүтэц, блокчэйн, хэвлэл мэдээллийн салбарт үйл ажиллагаа явуулдаг 44 компанийн 8 нь IPO хийж, олон нийтэд нээлттэй хувьцаат компани болоод байна.                              

Тэгвэл Ард (ARD) хэмээх нэрийтгэл бүхий гал улаан өнгийг билэгдэл болгож ирсэн 12 жилийн түүхэндээ зоримог шийдвэрийг гаргаж, хөгжил дэвшлийнхээ дараагийн хуудсыг нээснээ илэрхийлэн шинэ өнгө төрхөө (Ard) танилцуулаад байна.

Анх эхэлснээс хойш 20 жил, Ард гэгдэх болсноор 12 жилийг Хамтдаа туулж ирсэн, цаашид ч ганзага, дөрөө харшуулан олон он жилийг амжилт, ололтоор түүчээлэх эрхэм хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч, харилцагч та бүхэндээ баярлалаа. Шинэ өнгө төрх нь бидний ээлжит өсөлт хөгжлийн илэрхийлэл бөгөөд илүү ихийг Хүчтэй – Хамтдаа байхын билэгдэл болно. Дэлхий дахинд болон Монголын өнцөг булан бүрд амьдран суугаа Ардчууд бидний Хамтын хөгжил дэвшлийн дараагийн хуудас ийнхүү шинэ өнгө төрхөөр тамгалагдлаа.